Friday, January 26, 2018



2018-01-26.



          Хятадын их сэтгэгч,цэцэн билэгт гэж дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн их хүн Дэн Сяопиний түүвэр зохиолын гурав дугаар ботийг уншиж, энэ хүний үзэл бодол Хятад орны өнөөгийн замнаж явж байгаа байдлыг нүдээр үзсэн болон хүний ам ярианаас сонссон зүйлээ эрэгцүүлэн бодож түмэн олонтойгоо үзэл бодлоо хуваалцах үүднээс Дэн Сяопиний хэлсэн үгэн дээр тулгуурлан санаагаа илэрхийлж молхи миний бие энэ бичвэрийг тэрлэж сууна.
         Хятад орон энэ хүний онолоор Хятадын онцлогтой социализмын онолоор замнаж эдийн засгийн талаар АНУ-тай өрсөлдөж гарч ирсэн нь тодорхой болж манайхаас зургаа дахин их нутагтай ч 500 дахин их хүн амтай улс орны нь  хувьд таньдаг Өвөр Монгол хүмүүсийн ярианаас сонсоход дундчаар манай орноос цалин тэтгэвэр нь хоёр дахин их, юмны үнэ хоёр дахин бага юм шиг байгаа юм, үүнийг буруу замаар явж хүмүүсээ амьжиргааны дундач төвшинд амьдруулж байгаа орон, харин манайх зөв замаар явж хүн ардаа ихэнхийг ядууруулснаа зөв замаар явж байгаа орон гэхэд итгэл үнэмшил муухан санагдах юм.Зууны шилдэг нийтлэлч, их мэдэгч Баабар гуай 1990-ээд онд Монгол улс Азид анх удаа коммунизмыг булшиллаа гэж ам мэдэн тунхаглаж хоолой мэдэн хашгирч байсан бөгөөд өнгөрсөн гуч шахам жилд капиталист эдийн засагтай Монгол улсын мөнгөний авдрыг атгаж сангийн сайд хүртэл хийж байсан энэ эрхэм өнөөдөр коммунизмын буруу замаар явж байгаа Хятад гүрнийг юу гэж шүүмжилж, хэт дураар авирладаг, эмх замбараагүй капитализмаар замнаж байгаа Монгол орноо ямар зөв замаар явж байгаагий нь яруу тодоор тайлбарлах л байхдаа. Монгол улст дэлхийг бүрэн таниж мэдсэн их мэдэгч зуунд төрөөгүй ганц хүн юм болохоор би мэтийн мунхаг амьтан яаж ухааныг нь гүйцэхэвдээ. Мунхаг миний бодлоор социализм гэдэг нь үлгэрт гардаг диваажин гэгч нь байсан юмуу гэж өнгөрснөө мөрөөдөж тэнэгтэх юм, тэр үед үгүйрвэл улс бэлэн,өвдвөл эмнэлэг бэлэн, үхвэл нүх бэлэн, дээрэлхэж доромжилж аархсан баячуудгүй,ядуурч хоосон аргаа барсан гуйлгачингүй,хоёр идэхгүй хоосон хонохгүй, хүн болгон өөртөө таарч тохирсон ажил амьдралтай,хөлс дуслуулан хөдөлмөрлөж улсын сан хөмрөгийг бүрдүүлж байдаг хөдөлмөрийн хүмүүсээ дээдэлж өргөдөг,цагаан гартай сэхээтнүүдэд ёс суртахуун ажил албаны өндөр шаардлага тавьдаг, архичин,нийгмийн өмчид хуруу дүрэгч шуналтангууд, гэр бүлийн талаар тогтворгүй садар самуунд дуртай, хүүхэд өнчрүүлж,хань ижлээ доромжилж зовоодог тэнэгүүд, шоронгоор дамжиж засардаггүй ялтангууд,ажил хөдөлмөрөөс хойш сууж залхууран дэмий чалчиж нийгмийн ёс суртахуунд муу нөлөө үзүүлдэг танхай балмадчууд  зэрэг нийгмийн шаар шавхруу болсон хүмүүст тэднийг дарж номхотгож байх хатуу чанд хуультай дэгтэй байсан нь үнэн бөгөөд энэ нь эгэл жирийн хөдөлмөрч мөрөөрөө явдаг хүмүүсийн эрх ашгийг хамгаалж амар тайван амьдруулж байсан бөгөөд тэр үеийн ухамсартай хүмүүжилтэй хүмүүс нь улс эх орныхоо сайн   сайханы төлөө, алс ирээдүйн амар тайвны төлөө бие сэтгэлээ зориулсан тийм л цаг үе байсан болохоор тэр үеээ дурсан санаж байгаа нь энэ юм.Өнөөдөр нам нэртэй олон үзэл бодолд хуваагдан баяжиж хөлжихийн төлөө, эрх тушаал, эрх ямбын төлөө юу ч хийж болох, тухайлбал эх орон газар шороогоо ч  худалдахаас буцахгүй болсон хүмүүс ээлжлэн ээлжлэн төрийн бүх шатанд мөнгө хөрөнгөөр наймаалалцан гарцгааж хоёр хар хэрээ хоёр биенийгээ харыг  гайхадгийн үлгэрийг үзүүлж хэн нь үнэн ярьж, хэн нь худлаа ярьж байгааг салгаж ойлгохын аргагүй болж сонгууль гэж сохор бодлого явуулж, төөрөлдөж оюуны хоосролд орсон ард түмнийг хоёр гураваас эхлээд хорь гуч хүртэл талцуулж бужигнуулан тэнэг балчир хүүхэд чулуу өрж тоглодогтой адил хэлбэрээр сонгогдон төр засгийн толгойд гарч нэг л их цэцэн мэргэн ард түмнээ хайрласан өрөвч хүмүүсийн дүрд жүжиглэж,төр барихаар гарч ирмэш болсон засаглалаа гарч ирээгүй нь хонзогнон нийгэмд бухимдал үүссэн аливаа асуудлаар жигүүрлэн учраа олохоо байсан, бүр эмх замбараагүй дураар авирлах хүсэлд хөтлөгдсөн, өнгө мөнгөнд хууртсан, улс төрийн зориудын зохион байгуулагдаж юмны цаадах наадахын учрыг ойлгодоггүй овилгогүй хүмүүс зэргийг  ард түмэн та нар л бүгдийг мэднэ гэж онгироож хөөрөгдөж төрийн бус үй түмэн байгууллагууд байгуулан турхирч улс орноо өдрөөс өдөр ирэх тутам улам доройтуулдаг ийм цаг үе ирчихээд байгааг нийгмийн түүчээ болсон ухаант ард түмэн минь ойлгож эв нэгдэлд тулгуурлан сайн цаг ирнэ гэдэгт итгэж цэцэн билэгт Дэн Сяопиний хэлсэн үгнүүдийг яаж ойлгож байгаагаа цуврал болгон бичиж байна. Бүр 1980-аад онд социализмаас ухарч дураар авирладаг монопольт капитализмд орохоос яаж хамгаалах, хэрэв орвол ямар хор уршиг үүдэж болох талаар энэ хүн тодорхой хэлж байсан ба энэ замаар орсон манай улс яг энэ хүний хэлсэн шиг зовлон амсаж байгаа нь гарцаагүй үнэн мэт санагдаж байгаа бөгөөд хэрэв энэ замаар орвол яаж гарах талаар энэ хүн хэлээгүй болохоор манай орон мухардалд орсон цаг үед амьдарч байгаа юм биш үү?
       " Стратегийн зорилт гэх юм бол нэгд ХАА,хоёрт эрчим хүч, зам харилцаа, гуравт боловсрол шинжлэх ухаан орно" ботийн 33-р хуудас
           Манай орны хувьд ХАА түүний дотор олон зууны туршид Монголчуудыг авч явсан бэлчээрийн мал аж ахуйгаа уламжлалт чанарыг  хадгалан авч явах төрийн хатуу бодлого байх учиртай бөгөөд тийм ч учраас мал төрийн хамгаалалтанд байна гэж үндсэн хуулиндаа тусгасан бизээ. Гэтэл сүүлийн үед мал мэдэхгүй малын буян заяаг үгүйсгэсэн хүмүүс малынхаа буян өөх тосыг гурван цагаан хорын нэг гэж тэнэгтэж түүгээр ч барахгүй малаас хортой хий ялгаруулдаг учир малаа цөөрүүлэх тухай  асуудал дэвшүүлж ярих болсон нь жинхэнэ буяндаа бузар хийх гээч болж байгаа нь энэ бизээ. Эмт ургамал идээшилж явдаг бэлчээрийн Монгол малын мах сүү өөх тос бол эмт чанарыг  агуулахаас бус хүний биед хэзээ ч хор болохгүй. Гадаадад янз бүрийн химийн бордоогоор бордож тэжээдэг малын мах сүү л хортой байна уу гэхээс бус бэлчээрийн малын мах сүү бол хэзээ ч хортой байх үндэсгүй бөгөөд өөх тос хангалттай   хэрэглэдэг ч өндөр насалсан Монгол хүн олныг дурдаж болно. Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх юм бол малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортонд гаргах төрийн бодлого     барьж, Монгол хүн бүхэн мал аж ахуй малчдаа дэмжиж бэлчээрийн малынхаа мах сүү цагаан идээгээр хооллож заншвал хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх учиртай.
             Эрчим хүч бол үнэхээр хүн ардын амин чухал хэрэгцээ болсон учир асар их нүүрсний нөөцдөө түшиглэн цахилгаан станцууд барьж эрчим хүчний үнийг хямдруулан хүн ардаа хангах ажлыг  төр зохион байгуулжэрчим хүч үйлвэрлэлтийг төр хариуцаж, борлуулалтыг  хэт ашиг хөөцөлддөггүй хувийн хэвшлээр гүйцэтгүүлэн төрийн зохицуулалттайгаар явбал манай орны хувьд  ард түмнийхээ аж амьдралыг өөд татах таатай нөхцөл бүрдэх боломжтой.
               Хүн ам цөөтэй манай орны хувьд асар өргөн уудам нутаг маань бидэнд бурхнаас заяасан яндаж баршгүй их хишиг,их хувь заяа болов ч зам тээврийн асуудал эдийн засагт хүндрэл учруулдаг сөрөг үзэгдэл байдаг тул сайжруулсан засмал зам гүүрийг барьж байгуулах нь эдийн засгийн, хөгжил дэвшлийн чухал хүчин зүйл мөн.
                Боловсрол нь улс орны хөгжлийн шийдвэрлэх асуудал гэдгийг хэн ч маргахгүй бөгөөд харамсалтай нь орчин үеийн боловсрол нь мөнгө хүүлэгч маягийн тогтолцоонд шилжсэн нь үнэхээр харамсалтай бөгөөд хүн ард нь үр хүүхдээ боловсролтой л болговол боллоо гэж ойлгон хамаг байдгаа зарцуулан байж хүүхдээ сургууль төгсгөсний дараа мэрэгжлээрээ хийх ажил байхгүй дээд боловсролтой ажилгүйчүүдийг бэлтгэж хамаг байдгаа барж байж  хүүхдээ сургууль  төгсгөсөн ар гэрийнхний амьдрал нь туйлдан ядуучуудын эгнээнд шилждэг гаж тогтолцоо үүссэн нь баталгаатай үнэн боллоо. Зүй нь бол их дээд сургууль коллежууд төгсгөсөн оюутнаа ажлын байраар хангах гэрээг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байгуулж түүнийгээ дагуу элсэлт авч сургадаг, гэрээт газруудаас сургалтын төлбөрийг зээлээр гаргуулдаг журмыг хуульчлан хэрэгжүүлж хэвшвэл зээлээр суралцсан оюутан гэрээт газраа очиж ажиллаж зээлээ барагдуулах, гэрээ байгуулсан байгууллага төгсөгчөө ажлаар ханган зээлээ олж авах хоёр талын ашиг сонирхол нэгдэх сайн талтай.
               Харин улс мэрэгжилтэй ажилтан бэлтгэх талаар онцгой анхаарч төрөөс тэтгэлэгтэй сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулж ажиллах хүчний хэрэгцээ шаардлагыг харгалзан сургууль төгсөөд ажлын байр бэлэн байхаар зохион байгуулах нь  зөв бодлого байх бөгөөд мэрэгжилтэй ажилтнаа компанийн зохион байгуулалтанд оруулан улсын бодлогоор гадаадад ажиллах хүчин гаргах асуудлыг ч улс зохион байгуулж өнөөгийн эзэнгүй мал ууланд залаж байгаа юм шиг гадаадруу хүмүүсээ явуулдаг байдлыг зогсоох нь бас л төрийн үүрэг байх учиртай. Ер нь манайд төрийн зохицуулалттай зах зээл чухал болохоос бус хувийн хэвшлийг дэмжинэ гэж туйлшрах нь эдийн засгийн гажуудал гэдгийг өнгөрсөн гучаад жил тод томруун харууллаа.
                Шинжлэх ухааны байгууллагаа ч ёстой нэг гутааж саармагжуулан улс ардын аж ахуй, соёл боловсрол,эрүүлийг хамгаалах, эдийн засаг төлөвлөлт гээд улс орны  цаашлаад дэлхийн хэмжээнд үр ашгаа өгөх өндөр боловсролтой эрдэмтдийн багаас бүрддэг эрдэм шинжилгээний байгууллагыг хүнд боловсрол олгодог салбарын бүрэлдэхүүнд хамааруулан жижигрүүлж шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нь яамны сайдын амыг хараад түүнд захирагдан сууж байгааг гутамшиг гэж хэлэхээс өөр юу гэж хэлэх вэ? Бид гадаадад тийм гэж ярих дуртай хүмүүс, тэгвэл хөгжиж дэвжсэн гадаадын том орнуудын шинжлэх ухааны салбарын тэргүүн нь улсынхаа ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэл нэр хүндтэй хүмүүс байдаг юм гэнэлээ.
                Шинжлэх ухааны байгууллагыг тарамдуулж салбарын доктор, академич гэх мэт Монголоор дүүрэн академич доктортой болсон тухайлбал зүгээр нэг хэнгэрэг цан дэлдсэн жирийн нэг өвгөн сүнс судлалын академич, доктор, жирийн сайхан дуулдаг дуучин боловсролын доктор академич гэсэн нэр хаягтай  байгаа нь шинжлэх ухааныг гутаахаас өөр ямар ч зөвтгөх  аргагүй болжээ.
                Дээрхи хэдэн салбарын талаар түмэн олонтойгоо саналаа хуваалцаж байгаа нь Хятадад хайртайдаа бус улсаа хөгжүүлэхийн  хөгжүүлэхийн  тулд ямар салбарыг түрүүлж анхаарах талаар стратегийн бодлогоо ярьж улсаа хөгжүүлсэн Дэн Сяопиний санааг ойлгож Монголынхоо нөхцөлд авах гээхийн ухаанаар хандаасай гэсэн үүднээс бичиж байгаа бөгөөд хойшид бичих цувралуудын утга санаа нэг байх болно. Ер нь зөв хүн нийгмийн шалгарлаар улс орныг удирдахаар тодрон гарч нийгмийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг нэг хүний удирдлага бол хамгийн зөв шийдэл байх магадлдал өндөр мэт санагдах боллоо. Парламентийн засаглал нь холион бантан маягийн алдаа завхрал гарахад хариуцах эзэнгүй, дур зоргоор авирладаг хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл бололтой.АНУ, Англи гэх мэтийн колонийн системийг ашиглаж дэлхийн улс орнуудыг тонон дээрэмдэж хөрөнгөжсөн орнууд өөрсдийн давуу байдлыг хадгалж дэлхийг захирч эрхшээлдээ байлгахын тулд ардчилал  гэдгийг тунхаглан улс орнуудыг сахилга хариуцлагын тогтолцоогүй болгож хүний эрх ,эрх чөлөө нэрээр эмх замбараагүй байдлыг хөхүүлэн дэмжиж улс орнуудын дотор байгаа ийм үзэлтэй хүмүүсийг хөхүүлэн дэмжиж мөнгөөр угжиж үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг систем үйлчилж байна уу гэсэн сэтгэгдэл төрөхийн зэрэгцээ1945 онд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга агсан Аллен Далласын хэлсэн үг бүр ч болгоомжлол төрүүлж байгаа юм.
          "...алах ял заахыг хүчингүй болгож болохгүй юм...бас эмэгтэйчүүд хүүхдийг дамлан худалддаг,засарч хүмүүждэггүй этгээдүүдийг яагаад хуулиар хатуу шийтгэгхгүй байна вэ?....мэдээж хүн алахдаа болгоомжтой байх нь зүй болов ч ер нь зарим нэгийг нь цаазанд харгуулах л хэрэгтэй.._.хүнд ноцтой эдийн засгийн гэмт хэрэг,эрүүгийн гэмт үйлдэл хийсэн зарим этгээдүүдийг хуулийн дагуу хороох хэрэгтэй юм"   ботийн 235,236-р хуудас,
         Цаазын ял бол улс оронд байх ёстой зүйл, Ерөнхийлөгч Х.Баттулгын цаазын ялыг сэргээх тухай санааг дэмжиж байгаа юм. Тэхдээ туйлын болгоомжтой хариуцлагатай хандах учиртай. Өнөөдөр хүн бүхэн мэдэж байгаа С.Зоригийн хэргийн холбогдогч тэр хүмүүс тухайн үед Засгийн газрын  гишүүнийхийг олж очоод отож байгаад амь насыг хохироосон гэдэгт итгэхэд хэцүү зүйл юм. Эдгээр нөхдүүд цаазын ялтай байгаад цаазалчихсан бол яах вэ? энэ мэт асуудалд болгоомжтой хандаж гарцаагүй нотлох баримтаар цаазлах учиртай бөгөөд хүн ам цөөтэй манай орны хувьд Хятад шиг цаазын ялыг хавтгайруулж болохгүй бөгөөд зөвхөн санаатайгаар хүн алсан,бага насны охидыг балмад аргаар хүчирхийлсэн гадаадруу бага насны   охидыг хулгайлж гаргасан  этгээдүүдийг  л цаазлах нь зөв бизээ. Хүний эрхийн комиссын дарга н.Бямбадорж гуай  том дуу гарч манай улс олон улсын гэрээ конвецед нэгдэн орсон тул цаазын ялыг сэргээх нь том ухралт бөгөөд гадаадын орнууд манайд хандах хандлагад  сөргөөр нөлөөлж нөхөж баршгүй алдаа болох мэт ярьж байгаа нь нэг дүгээрт н.Бямбадорж  гуайд хайртай охиноо, хүүгээ, ханиа, эцэг эхээ хороолгож, бага насны сэвлэгнийх нь үнэр арилаагүй нялх балчир охиноо балмад эдгээдэд зэрлэг аргаар хүчиндүүлж, ус цустай нь холилдуулан оюун санаанд нь насан үүрдийн хар толбо суухыг үзсэн Монголчуудын зовлон огт хамаагүй, хоёр дугаарт энэ хүн хүний эрхийн комиссын даргын өндөр албанд тогтож байхын тулд элэг нэгт Монголчуудынхаа зовлонг ойлгох сэтгэлийн тэнхээ дутсаны шинж гэж үзэхээс өөр яах вэ? Н.Бямбадорж гуай тийм мундаг дэлхийн байдлыг хамаж ярьдаг ойлгодог мундаг хуульч, хүний эрхийг хамгаалдаг олон улсын гэрээ хэлцэлд оролцож ярилцдаг хүн юм бол  дэлхий нийтэд аюултай гай гамшиг тарьсан гэдэг үндэслэлээр цаазлуулсан Бин Ладен, СадамХусейн нарын хүний эрхийг нь хамгаалаад цаазын ялыг нь эсэргүүцээд АНУ хүний эрхийг ноцтой зөрчиж гадаад орны улс төрийн зүтгэлтнүүдийг цаазаллаа гээд гадаадын биш юм гэхэд дотоодын хэвлэл мэдээлэлээр Монголчуудтаа мэдэгдэхгүй яасан юм бэ?Монголчууд дотоодтоо эмх замбараагүй байдал ноёрхож бие биеэ алж хороож эв нэгдэл нь сарниж байхыг дэмжсэн гаднын явууллагад ая тал засаж, хэдэн халтар доллорт хууртаж дотроо тэмцэлдэж, тэрсэлцэж байхаар хэл яриагаа ололцож эв эеэ хичээж бурхнаас заяасан байгалийн баялаг,буянт мал сүрэг, жилийн дөрвөн улирлын давтамж, олон зууны турш өртөөлж ирсэн Монгол ухаандаа түшиглэн нийгэм,соёл, эдийн засгийн тэргүүлэх салбараа Дэн Сяопин шиг тодорхойлоод шинжлэх ухааны ололтонд тулгуурлан эрчимтэй хөгжүүлж, тансаг хэрэглээ,найр наадам зугаа цэнгэлийг журамтай болгож цөөнх хэт баяжихыг зогсоож нийтээрээ баян чинээлэг боломжийн амьдралтай болох бодлого барьж их хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулсан хөрөнгөтнүүд хувьцаат компанийн хэлбэрт шилжин ядуучуудаа ажилтай болгох ,ноогдол ашиг тараах хэлбэрээр явбал Монголын ирээдүйд гэрэл цацрах бизээ.Харамсалтай нь хөрөнгөтнүүдээс тийм иргэний эр зориг, нийгмээ гэсэн сэтгэл гарахгүй биздээ. Их эзэн Чингис хаан бол бидний бахархал билэгдэл гэж юм бүхэн дээр нэрийг нь ашиглаж байгаа эрхмүүд минь "Бурхны төлөө биеэ зориул
                                                       Бусдын төлөө амиа зориул" гэсэн сургаалийг нь дүгнэж цэгнэж хураасан эд хөрөнгө бол юу ч биш харин түмний төлөө анхаарал хандуулж сайн үйл,бүтээсэн үйлс минь хэдэн зууны турш шагшигдан дурсагдах болно гэдгийг санагтун.
          "Социализм зах зээлийн эдийн засгийн хооронд үндсэн ялгаа байхгүй юм.Асуудлын гол нь ямар аргаар нийгмийн үйлдвэрлэх хүчнийгулам эрчимтэй хөгжүүлж байна вэ гэдэгт байгаа юм....." одоо үзвэл гадаадад нээлттэй байх бодлого хэрэгжүүлж,төлөвлөгөөт эдийн засгийг зах зээлийн эдийн засагтай уялдуулан зарим тогтолцоонд өөрчлөл шинэчлэлт хийж байгаа энэ зам зөв зүйтэй гэдэг нь тов тодорхой болов.Чингэх нь социализмын зарчимд харшлах уу үгүй юу?Үгүй,харшлахгүй.Учир нь бид өөрчлөн шинэчлэхдээ нэгд нийтээр эзэмших эдийн засгийг эхнээс нь гол байр сууринд байлгаж,нөгөөтэйгүүр эдийн засгийг хөгжүүлэхдээ нийтээрээ баяжих замаар замнаж,хоёр туйлд хуваагдахаас ямагт зайлсхийсээр ирэв.Бид гадаадын хөрөнгийг татан оруулж,хувийн хэвшлийн аж ахуйг хөгжүүлэхийг зөвшөөрсөн нь нийтээр эзэмших эдийн засгаар гол гогцоо болгох энэ үндэслэлд нөлөөлөхгүй юм.Харин ч гадаадын хөрөнгийг татан оруулах,хувийн хэвшлийн аж ахуй оршин байж хөгжихийг зөвшөөрсний аль аль нь эцсийн бүлэгт үйлдвэрлэх хүчнийг улам эрчимтэй хөгжүүлэх,нийтээр өмчлөх эдийн засгийг хүчтэй болгох гэсэн хэрэг юм.Манай орны эдийн засагт зөвхөн нийтийн өмч нь гол байранд байж баймаажин хоёр туйлд хуваагдах явдлыг хорьж чадах юм.Мэдээж хэрэг нэг хэсэг газар нутаг нэг хэсэг хүн түрүүлж баяжин, бусад нутаг орон бусад хүнийг араасаа дагуулан туслаж хотлоороо баяжихад аажмаар хүрнэ.Эдийн засаг хөгжиж,шинжлэх ухаан соёл боловсролын түвшин дээшлэн,ардчилал хууль зүйн бүтээн байгуулалтхүчтэй болохыг дагалдаад одоо нийгэмд байгаа аливаа гаж буруу үзэгдэллавтайяа аажмаар багасч,эцэстээ устаж үгүй болох юм."Ботийн 230,231-р хуудас
       Ардчилал,зах зээлийн эдийн засагт шилжин орох  нь гарцаагүй болсныг социалист орнууд задран түүний манлайлагч ЗХУ задарч эхэлснээр асуудал тодорхой болсон энэ үед буурай хөгжилтэй Монгол орон социализмаар замнана гэж зөрүүдлэн суух боломжгүй болсныг тэр үед үндсэн хуулийн заалтын дагуу улс орноо удирдан жолоодож байсан МАХН ойлгож гэрээ түрээсийн хэлбэрт шилжин орж аажмаар эдийн засагтаа хувийн чинээлэг амьдралыг бий болгох арга замыг эрэлхийлж байсан энэ үед ЗХУ улс төрийн тогтворгүй байдалд орж, Румынд эмх замбараагүй байдал үүсэж төрийн тэргүүнээ гэр бүлтэй нь зэрлэгээр буудан хороож,Польш мэтийн орон социализмаас салан тусгаарлах чиг хандлагад өртөж улмаар Европын социалист орнууд хуучныг халаж шинэчлэх бодлогод орсон ийм цаг үед СЭВ-ийн орнууд болох  социалист орнуудтай харьцах харилцаа бүдгэрэн Монголын нам төрийн эрх барьж байсан удирдлагууд учраа олохоо байж санал хуваагдан бужигнаж байх таатай нөхцөл байдлыг овжиноор ашиглан хэсэг залуучууд ардчилал хүний эрх эрх чөлөөг дээдэлнэ гэж амлан, хүн бүхэн чөлөөтэй баяжих уриа лозун барьж  сахилга хариуцлага дэг журамд таагүй ханддаг, гэмт хэрэгт холбогдож байсан эрүүгийн элементүүд, социалист өмчинд гар хуруу дүрэх сонирхолтой, гэр бүлийн талаар тоггтворгүй байдлаар намаас хөөгдсөн өшөө хонзонтон зэрэг хүмүүсийг ашиглаж жагсаал цуглаан зохион байгуулж, Н.Чаушеску шиг алуулж мэднэ гэж айсан нам төрийн удирдагчдыг буулган авч, дураар авирлах монопольт хөрөнгөтний ардчиллын үндэс суурь тавигдсан нь он цаг улирах тутам улам тод томруун болж байна. Уриа лозун үзэл суртлаар зэвсэглэн хүмүүсийг аядуу зөөлөн тайван байлгадаг социалист ардчилал, хүний эрх, эрх чөлөөг тунхаглан байнгын хэрүүл тэмцэл,эрх мэдэл, эд баялгийн төлөө тэмцэлдэж байдаг хөрөнгөтний монопольт ардчилал хоёрын аль нь нийгмийн амьдралд илүү эерэг байх вэ гэдгийг мэргэн уншигч та болгооно бизээ.   Бидний өлмий дор  Хятад орон социализмаас капитализмын эдийн засгийн юугий нь ямар аргаар яаж хэрэгжүүлж болох талаар Дэн Сяопиний удирдлагаар онолоо боловсруулаад хэрэгжүүлж эхлээд арваад жил болчихсон  бэлэн туршлага байхад тэр үед өөрчлөлт хийх гэсэн залуус маань арай ухаалаг хандаж, Монголын онцлогтой социализм байгуулна гэж томрохгүй ч гэсэн эдийн засгаа зах зээлд шилжүүлнэ гэсэн томъёоллоор эдийн засагч чадалтай залуусаа төр нийгмийн удирдлагад яриа хэлцэл зөвшилцөлийн шугамаар оруулан эхний ээлжинд айл хөрш хоёр их том гүрэнтэйгээ эрх тэгш харилцан эхийг нь эцээхгүй,тугалыг нь тураахгүй зарчим бариад нийгмийн өмч хувийн өмчийн харилцааг зөв голдирлоор явуулах эрх зүйн орчинг бүрдүүлээд явсан бол өнөөдрийн улс төрчдийн хэлээд байгаа Бороо гоулдыг луйвардуулсан, Оюу толгойн ашгийг 2036 он хүртэл хүртэхгүй гэх мэтийн асуудлууд гарах ч байсан уу гэдэг харамсал төрдөг юм.Энэ цаг үед зэвсэглэсэн цэрэг арми довтолж хоёр их том гүрний дунд байгаа манай орныг довтлон эзлэх асуудал гарахгүй байх гагцхүү энэ их гадаад өр,дотоодын эв нэгдэлээ алдсан эмх замбараагүй байдал,улсын баялгийг тонон дээрэмдэж хөрөнгөжсөн цөөхөн хөрөнгөтнүүдийн гадаадынхантай эвсэн хуйвалдаж мөнгө угааж байгаа байдал зэргээс нөлөөлж эдийн засгийн аргаар газар нутгаа алдаж тусгаар тогтнол ганхах бий гэж сэтгэл зовсон Монгол хүний хувьд үүнийг бичихдээ Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшихдээ хорин гэр бүлийн эрх ашиг,офшор гээч юманд улсынхаа баялгийг зувчуулан татвараас зайлж мөнгө угаадаг бүлэглэл бий болсон тухай, Таджик улс өрөндөө БНХАУ-д газар нутгаа алдсан тухай мэдээлсэн учир энэ эрхэм худлаа хэлээгүй гэж итгэж үүнийг бичихдээ ард түмэн ч гэсэн сэтгэлийн хөөрлөөр асуудалд туйлшрахгүй нийгмийн төлөө, эх орныхоо бүрэн бүтэн байдал тусгаар тогтнолын төлөө онол амьдрал хоёрыг хослуулан зөв дуу хоолойгоо дээдэст хүргэж байх, дээдэс ч дан ялангуяа намуудын удирдагчид хоорондоо  улсынхаа төлөө асуудалд дипломот аргаар хандаж харьцаж, сонгуульд ялахын тулд шудрага бус бохир аргаар хөрөнгөжсөн хөрөнгөтнүүдээс мөнгө босгож хариуд нь тэдэнд төрийн алба амлаж, томилож төрийг хүчгүйдүүлэн тэдний лоби захиалгаар хууль гарч эдийн засагт ч нийгмийн харилцаанд ч сөргөөр нөлөөлж байгааг зогсоох цаг болсныг анхаараасай гэж үзэж байна.
        Анхнаасаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг задлахдаа хувьцаат компанийн хэлбэрээр хувьчилж хувьцаа гарган үйлдвэрийн ажилчидад давуу эрхийг эдлүүлэн хувьцаагаа худалдаж авах бололцоог зээлийн хэлбэрээр олгож. төрийн зохицуулалттайгаар хувьцаат компани нь ажиллагсдын нийгмийн асуудалыг ноогдол ашгаар зохицуулах, татварын бодлого, гадаад дотоодын худалдаа, зорилго чиглэл нь тодорхой байхаар зохион байгуулсан бол, ямар ч эдийн засгийн болон эрх зүйн чадамжгүй,сэтгэлийн хөөрөлд автаж, баяжих хөлжих бодолтой хүмүүст улсын сан хөмрөгийг хоосолж зээл тарааж, танил тал, албан тушаалын сүр хүчээр улсын үйлдвэр, аж ахуйн газруудыг боловсондуу хэлбэрээр луйвардан авч улс орны нийгэм, эдийн засаг,улс төрийг  самрах бодлого явуулаагүй бол улс орон минь ийм байдалд хүрэхгүй байсан байх гэж мунхаг би бодном. Өмч хувьчлалын ягаан цэнхэр тасалбар гэдэг нь Монголын ард түмний 70 жил зовж зүдэрч,урсах хөлс,асгарах цусаа урсган байж бий болгосон баялгийг луйвардах эрхийн бичиг байсан гэдгийг түүх хэзээ цагт илчилж, өнөөдөр зөв юм хийсэн мэтээр цэцэрхэж байгаа нөхдүүдийн буруу бодлого явуулж байсан нь түүхийн өмнө ил болох цаг ирж үр хүүхдүүд,төрөл төрөгсөд нь эдний төлөө түүхийн өмнө нүүр хийх газаргүй болох вий гэж санаа зовох юм. 1937 оны хэлмэгдүүлэлтийн уршгаар түүнийг явуулж байсан тодорхой ганц нэг хүн тухайлбал мангас Дорж, Жамбалдорж гэх мэт нөхдийн ах дүү, хамаатан садан нь нэрийг нь хэлэхээс бултаж, үр хүүхдүүд нь овгоо өөрчлөх гээд бөөн юм болж байсан тухай яриа гарч байсан энэ түүх давтагдахыг үгүйсгэх аргагүй. Улс орны бодлогыг сэтгэлийн хөөрлөөр, тооцоо судалгаагүй амны зоргоор ярих нь тэр хүний нэр төрд нөлөөлдөг муу талтай, тухайлбал төрийн тэргүүний албыг олон жил улиран хашсан П.Очирбат гуай бар улс болно гэсэн яасан? боол улс боллоо, нэфтьтэй боллоо гээд цагаан дээлээ газрын тосоор будаад байсан?өнөөдөр шатахууны үнэ тэнгэрт хадсаар,нэг летр ч шатахуун үйлдвэрлээгүй хэвээрээ л байна. Нэгдэл гэж маш том хамтын аж ахуйг дэндүү буруу хэлбэрээр задалж малыг буруу хувьчилснаас малчид тооны хойноос хөөцөлдөж мал аж ахуйн ашиг шимийн эргэлт түгжигдмэл байдалд орж, мал, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ унаж, малчид суурин газар бараадаж. орон нутаг эзэнгүйдэж, төв суурин бараадсан малчдын мал багтахаа байж бэлчээрийн хомсдолд орж уугуул нутгийн малчин иргэд нүүдэллэн ирэгсдэд шахагдаж эцэст нь мал аж ахуй зөв голдирлоор явах боломж алдагдах хэмжээнд хүрлээ. Энэ бүхнийг бодлогын алдаа гэж үзэхээс өөр аргагүй боллоо.